Товчхон
               

Архангай аймаг: Томоохон мод үржүүлгийн газар байгуулах онцгой шаардлагатай

               
2022-03-15 0

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар болон Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайд Г.Түвдэндорж бусад албаныхны орон нутаг дахь томилолт Архангай аймгийн мод үржүүлгийн газруудын бодит нөхцөл байдалтай танилцаж, зөвлөмж, чиглэл өгч үргэлжлэв. Тус аймагт төр, хувийн хэвшлийн нийт найман мод үржүүлгийн газар үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс Ихтамир сумын мод үржүүлгийн хоёр газрын үйл ажиллагаатай онцлон танилцлаа. /2022.03.12/

Нэгдүгээрт, Цагаан давааны ард мод үржүүлгийн газар байгуулна гэв.

 Ой, агнуурын аж ахуйн дэргэдэх хуучин мод үржүүлгийн 16.6 га талбайг түшиглэн мод үржүүлгийн талбай байгуулна. Жилд 800.0 мянгаас 1.2 сая ширхэг тарьц, суулгац бойжуулж байсан. 1992 онд хувьчлалд орж үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон байна. Тухайн бүс нутаг нь мод үржүүлэхэд тохиромжтойгоос гадна үржил шимт хөрстэй, төв суурин газартай ойрхон зэрэг нөхцөлийг харгалзан үзэж мод үржүүлгийн газрыг сэргээж байгуулахаар болсон байна. Тиймээс газар нутгийн онцлогт тохирсон мод, сөөгний тарьц, суулгацын тодорхой нөөц бий болох боломжтой болно.

Хоёрдугаарт, Хувийн хэвшлийн мод үржүүлгийн газрын талбайг нэмэгдүүлнэ.

Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн Хүүшийн арын бургасанд 3 га талбайд “Цэцэрлэг мандал ар” ХХК мод үржүүлэх ажлыг хийж эхлүүлжээ. Жилд 10 гаруй нэр төрлийн мод, бут, сөөгний 4.0 мянгаас 10.0 мянган ширхэг суулгацыг аймгийн хэмжээнд иргэд аж ахуйн нэгж, байгууллагад нийлүүлдэг. Одоогийн байдлаар 4.0 мянга гаруй суулгацын нөөцтэй. Цаашид талбай хэмжээг өргөтгөж, техник тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлсэнээр жилд 80.0-100.0 мянган ширхэг суулгацыг нийлүүлэх боломжтой юм. Одоогийн байдлаар 3 га талбайд, дуслын усалгааны системээр, 25 тоннын 2 ширхэг нөөцийн савтайгаар 10 гаруй төрлийн тарьц, суулгац үржүүлж байна. /Гацуур, Чацаргана, Гүйлс, Бургас, Улиас, Үхрийн нүд г.м/ Үржүүлгийн газрын үйл ажиллагаа, хүчин чадлыг өргөтгөн, га талбайн хэмжээг нэмэгдүүлэхэд орон нутгаас дэмжлэг үзүүлж, анхаарч ажиллахыг дээрх ажлын хэсэг үүрэг болголоо.

Архангай аймаг нь мод тарих төлөвлөлтөө дараах байдлаар төлөвлөсөн байна. Тодруулбал,

1. Аймгийн хэмжээнд говь ойт хээрийн бүсэд агро-ойн аж ахуйг хөгжүүлэхэд 5004 га талбайд 6000000 ширхэг мод, бут,

2. Арван хоёр сумын томоохон голын ай сав, нуур, булаг шандын эхийг хамгаалах ойн зурвас байгуулахаар 678 га талбайд 1028000 ширхэг мод,

3. Ойн сан бүхий 16 сумын доройтсон ойг нөхөн сэргээх замаар ойжуулахад 3200 га талбайд 8000000 ширхэг шилмүүст мод,

4. Улсын чанартай авто зам дагуу байршилтай 10 сумын нутаг дэвсгэрийг хамруулахад 310 га талбайд 208000 ширхэг мод,

5. Тариалангийн бүс сумдыг түшиглэн тариалангийн талбай хамгаалах ойн зурвас байгуулахад 800 га талбайд 640000 ширхэг мод,

6. Сумын төвүүдийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хуучин цэцэрлэгт хүрээлэнг түшиглэн мод тарих, шинээр 3-5 га талбайд цэцэрлэгт хүрээлэнгүүд бий болгох 440 га талбайд 300000 ширхэг мод,

7. Төв суурин, дэд бүтэц, уул уурхайн хүнд үйлдвэрийн цогцолборт хамгаалалтын зурвас байгуулахад 4780 га талбайд 3824000 ширхэг мод тарихаар тус тус төлөвлөсөн байна.

Холбоотой мэдээ