
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Азийн хөгжлийн банкны ерөнхий менежер М.Тереса Хо, Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Хотын дарга Д.Сумъяабазар сүүлийн 30 жилд Улаанбаатар хотын хөгжилд хувь нэмэр оруулж, дэмжиж ирсэнд талархаад, нийслэлийн төвлөрлийг багасгах, гэр хорооллыг дахин төлөвлөх, орон сууцжуулахыг шийдэхэд туслан, хамтран ажилладаг том түнш бол Азийн хөгжлийн банк гэдгийг онцоллоо. Мөн бонд гаргах, сан бий болгох, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, концессын төсөл хэрэгжүүлэх, нийслэлийн хөрөнгийн удирдлага, өрийн менежментийг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр АХБ-тай хамтран ажиллах саналаа уламжилсан юм.
АХБ-наас түгжрэлийг багасгах, орон сууцжуулах төслийг чухал ач холбогдолтойг тэмдэглээд тус банкнаас техник туслалцааны төсөл хэрэгжүүлж байгаа гэв. Түүнчлэн хамтран ажиллах төсөл хэрэгжүүлэхэд нэгдсэн ойлголтод хүрч, шуурхай ажиллах хэрэгтэйг онцолжээ. АХБ-ны ерөнхий менежер М.Тереса Хо “Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг болон бусад дүүрэгт хэрэгжүүлэх жишиг эмнэлэг тун ач холбогдолтой ажил. Иймд нийслэл бүх талаас дэмжих хэрэгтэй”-г дурдав.
Жишиг эмнэлгийн бүтээн байгуулалтад бүх талаас дэмжихээ Д.Сумъяабазар тодотгоод, Засгийн газрын “Цахим монгол” зорилтын хүрээнд Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт, хот төлөвлөлт, өмчийн удирдлагын системийг цахимжуулах төслийг эхлүүлэхэд АХБ-тай хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийллээ.
Талууд гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, түгжрэлийг багасгах, хот төлөвлөлтийн чиглэлээр хамтран ажиллах боломжийг судлахаар тохиролцов.


0 cэтгэгдэлтэй