Х.Баттулга: АН-ын даргын сунгаа бол АН-ын асуудал биш, Монголын парламентийн асуудал

               
2022-03-16 0
Зургийн эх сурвалж: MPA

Өнөөдөр Ардчилсан намын дотоод сонгуулийн хорооноос АН-ын даргын сунгаанд нэр дэвшигч Х.Баттулга, Ж.Батсуурь нарт нэр дэвшигчийн үнэмлэхийг гардууллаа. Өнөөдрөөс эхлэн сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагаа албан ёсоор эхэлж байгаа ба нэр дэвшигчид 21 аймгаар тойрон уулзалт хийх юм. Ийнхүү дөрөвдүгээр сарын 7-ны өдөр сонгуулийн дүнг нэгтгэж, АН-ын даргыг олон нийтэд зарлах аж.

Нэр дэвшигч Х.Баттулга “Өнөөдрөөс эхлэн 21 аймгаараа тойрно. АН-ын даргын сунгаа зөвхөн АН-ын асуудал биш. Монгол Улс цаашдаа парламентийн засаглалтай сонгодог парламент байх, эсэхийг шийдэх сунгаа юм. Өнөөдөр төрийн гурван өндөрлөг нэг намаас сонгогдсон байна гэдэг нь ардчилсан нийгэмд ямар байгааг бид яс махаараа, амьдралаараа мэдэж байгаа. Тиймээс АН парламентад тодорхой хүчин зүйлтэй суух, эсэхийг шийдэх сонгууль юм гэж бодож өөрийн биеэр сунгаанд оролцож байна” гэв.

Нэр дэвшигч Ж.Батсуурь “Өнөөдөр Монголын нийт сонгогчдын 50 хүрэхгүй хувиар нэг нам хүчирхэг байдлаар монополчилол тогтоож байна. Үүнийг бид засаж, залруулж ард түмний хүсэл мөрөөдлийг хангасан парламентад олон суудалтай ялдаг нам болохын төлөө миний бие нэрээ дэвшүүлсэн. АН ялж байгаагүй. Олонх биш олуулаа болж байсан л түүхтэй.

Миний хувьд АН үргэлж ялдаг байх боломж бүрэн бий гэдэгт огт эргэлзэхгүй байна. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд намын бүх бүтцийн байгууллагыг хамтын удирдлагын системд оруулж, бүгдээрээ хэлэлцэн бүлээн усаар угаасан шийдвэрүүдийг гаргавал ялалт бидэнд ойрхон. Ард түмний 60 орчим хувь биднийг дэмжихэд бэлэн байгаа гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ.

Холбоотой мэдээ