
Зургийн эх сурвалж: MPA
Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болов. Үүний дараа Эрүүл мэндийн сайд С.Энхболд дараах мэдээллийг өглөө:
“Засгийн газар эрүүл мэндийн салбар луу онцгой анхаарал хандуулж байна. Үүний нэг жишээ нь хүүхэд, эмэгтэйчүүдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа эмнэлэгүүдийг олон улсын жишигт хүргэх чиглэлийн дагуу тодорхой хөрөнгө оруулалтыг хийгээд явж байна. Мөн улсын хэмжээнд эх барихын тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүдийн төрөх орыг 100 хувь шинэчилсэн.
Сүүлийн таван жилд манай улсад жил бүр 10 орчим хүүхэд менингококын халдвар авдаг болж. Энэ онд Сонгинохайрхан дүүрэгт нэг айлын хоёр хүүхэд өвчилж, нэг хүүхэд нас барж, нөгөө хүүхдийн биеийн байдал хүнд, эмчлүүлж байна. Энэ өвчний эсрэг вакциныг хүүхдүүдэд хийдэг.
Ковидын хугацаанд бид 21 аймагт лаборатори байгуулснаар томуугийн тандалт хийх боломжтой болов. Нэг жилд 52 долоо хоног байдгаас 25 долоо хоногт томуугийн тандалт гардаг. Өнгөрсөн арван нэгдүгээр сард эхэлсэн томуу, томуу төст өвчний идэвхжил үргэлжилсээр байна. 0-9 насны хүүхдүүд түлхүү өвчилж байгаа. Иймд хөл хорио авснаар үр дүнд хүрч болно.Тухайн орон нутагт аймгийн захиргаа нь хүүхдийн өвчлөлийн эсрэг эхөл хорио тогтоох боломжтой. Энэ дагуу зарим аймагт сургууль, цэцэрлэгүүдийг хаасан.
Жилд 120-130 мянган хүүхэд томуугаар өвддөг. Эдгээр хүүхдүүд өрхийн эмнэлгээр тусламж үйлчилгээ авдаг. Хүүхдүүд эмнэлгийн хонгилд хэвтсэн гэх мэдээлэл цахим сүлжээнд гарсан. Иймд эмнэлгүүдийн амбулаторийн үзлэгийн цагийг уртасган, ахмадуудын тасгийг суллан, хүүхдүүдийг хэвтүүлэх арга хэмжээ авлаа.
Томууг дэгдэлтээр таван түвшинд хуваадаг. Манайд:
- Идэвхэжлийн шатанд зургаан аймаг
- Алаг цоо дэгдэлтийн түвшинд 12 аймаг
- Аймгийн хэмжээний дэгдэлтийн түвшинд таван аймаг байна.
Эцэг эхчүүд голдуу ажлын бус цагаар хүүхдээ эмнэлэгт авчирч байна. Мөн дийлэнх нь ЭХЭМҮТ-д хандан, энэ эмнэлгийн ачааллыг нэмдэг. Харин Яармагт шинээр барьсан, 500 хүүхдийн ортой эмнэлэг ачаалал багатай байгаа тул энэ эмнэлгээр үйлчлүүлээрэй.
Ер нь манай улсад хүүхдийн эмч нар цөөн. Улсын хэмжээнд 721 хүүхдийн эмч бий. Энэ чиглэлийн сувилагч мөн дутагдалтай тул Анагаахын их сургуульд шинэ анги нээн, хүний нөөцөө бэлдэж байна.” гэв.

0 cэтгэгдэлтэй