
Жүдо бөхийн эх орон Япон улсын Сакай (Осака муж) хотод Монголын Жүдо Академийн салбар үүд хаалгаа нээн ажиллаж эхэллээ. Юүки Такахаши багшийн хариуцан ажиллуулж буй тус салбар нь “Охама Бүдокан” ордны жүдо бөхийн танхимд хичээллэж байгаа юм. Жүдо Академийн Спортын төв ордон дахь салбарт ажиллаж байсан Юүки багш өдгөө гэр бүлийн хамт тус хотод амьдарч байгаа бөгөөд Япон, Монгол хоёр орны жүдо бөхийн холбоо харилцааг бэхжүүлж, хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулахаар тус шинэ салбарыг нээгээд байгаа юм.
Цаашид бид Япон дахь тус салбар дээрээ түшиглэн багш дасгалжуулагч нараа мэргэшүүлэн сайжруулах, суралцагч нараа хамтарсан бэлтгэлд хамруулах, олон улсын тэмцээн уралдаанд оролцуулах, соёлын солилцооны хөтөлбөр зохион байгуулах гээд олон ажлыг санаачлан хийхээр төлөвлөж байна.
Дэлхийн жүдо бөхийн төв “Кодокан” Институтын “Кюү Дан” систем дээр суурилан сургалтаа явуулдаг Монголын Жүдо Академи нь Япон орны жүдо бөхийн олон байгууллага, багш дасгалжуулагч нартай ойр холбоотой, хамтран ажилладаг. МЖА-н тусламжтайгаар Япон улсад суралцаж, жүдо бөхөөр хичээллэж буй хүүхэд залуус ч цөөнгүй байна.

0 cэтгэгдэлтэй