
Дэлхийн мисс шалгаруулах 70 дахь удаагийн тэмцээн АНУ-ын Пуэрто Рико арлын Сан Хуан хотын цэнгэлдэх хүрээлэнд өнөөдөр болж, Польш улсын гоо бүсгүй Каролина Белавска титмийн эзнээр тодорлоо.
Тэмцээнд 98 орны бүсгүйчүүд гоо үзэсгэлэн, авьяас чадвараараа өрсөлдсөнөөс дэд байрт АНУ-ын гоо бүсгүй шалгарчээ.Харин шилдэг зургаан оролцогчоор АНУ, Мексик, Умард Ирланд, Индонез, Польш улсын миссүүд шалгарсан байна.

Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон А.Бөртө-Үжин “Авьяаслаг мисс” шалгаруулалтад тэргүүлснээр эцсийн шатны шалгаруулалтын тайзнаа уран нугаралтын үзүүлбэрээ толилуулсан юм.
Тэрбээр СУИС-ийн “Бүжгийн урлагийн сургууль”-ийг бүжгийн багш найруулагч мэргэжлээр төгссөн бөгөөд англи, япон, герман, хятад хэлний мэдлэгтэй нэгэн юм. Мэргэжлийн уран нугараач тэрбээр 8 настайгаасаа эхлэн хичээллэж эхэлжээ. Мөн тэрбээр уран нугаралтаараа 2007 оноос Герман, Япон улсын том хотуудаар, Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай, Франц, Сингапур, Солонгос, Хятад, Хонгконг, Турк, Швед зэрэг орноор аялан тогложээ.
Ташрамд дурдахад, Монгол Улс 2005 оноос албан ёсоор энэхүү тэмцээнд оролцож эхэлсэн бөгөөд жил бүр үндэсний ялагчаа шалгаруулж Дэлхийн мисс тэмцээнд оролцуулан эх орныхоо нэрийг гаргасаар ирсэн. Миссүүдийн гаргасан амжилтаас дурдвал мисс А.Сарнай шилдэг 25 мисс, мисс А.Баярцэцэг шилдэг 11 мисс, мисс Ц.Энхжин шилдэг 15 миссийн нэгээр тодорсон бол 2018 оны мисс Э.Энхриймаа шилдэг 10 бүжигчний нэгээр шалгарч байв.

0 cэтгэгдэлтэй