М.Оюунчимэг: Орчны бохирдлыг бууруулах ажил БОАЖЯ дээр таг зогсчихсон

               
2022-03-17 0
Зургийн эх сурвалж: MPA

УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Шинэ сайд бичиг цаастай зууралдахаас илүү батлагдсан хууль тогтоомжуудаа хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэй. Гэдэсний өвчлөл маш их байна. Хүүхдийн өвчлөл их байгаа учир эмнэлэгт ор олдохгүй байна. Тэдгээрийн 40 гаруй хувь нь гэдэсний халдварт өвчин. Үүний гол шалтгаан нь усны, хөрсний бохирдлууд байна.

2021 онд агаар, орчны бохирдлыг бууруулахын тулд 71 тэрбум төгрөг зарцуулсан байна. Энэ ажлын үр дүн хаана байна вэ. Орчны бохирдлыг бууруулах ажил БОАЖЯ дээр таг зогсчихсон” гэв.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Ус, хог, хөрсний бохирдлын асуудал Монгол Улсын иргэдийн өвчлөлийн гол шалтгаан болоод байна. Үүнтэй санал нэг байна. Орчны бохирдлыг бууруулах хороонд тавигддаг төсөв нь ихэвчлэн уурын зуухны янданд шүүлтүүр тавих, био ОО байгуулах гэх мэтэд чиглэгдэж байна. 2021 онд 74 тэрбум төгрөг, 12 хүнтэй ажиллаж байсан бол 2022 онд 8 хүн болгон орон тоог бууруулж, төсвийг нь 40 орчим тэрбум төгрөг болгосон. Био ОО болон аюултай хог хаягдлын асудлаар бид ажиллаж байна” гэлээ.

Холбоотой мэдээ