
Эрч хүчтэй дуу, бүжгээрээ нэгэн үе залуусыг байлдан дагуулж байсан Өмнөд Солонгосын “Big Bang” хамтлаг уран бүтээлээсээ түр завсарлаад байсан ч энэ хавар шинэ дуугаа олны хүртээл болгох гэж байна.
Тодруулбал, Hypebae вебсайтын мэдэгдсэнээр K-Pop урсгалын хамгийн том төлөөлөгчдийн нэг болох BIGBANG хамтлаг энэ оны хавар шинэ хөгжмийн бүтээлээ толилуулахаар болжээ. Ингэхдээ уг хамтлаг нь G-Dragon, T.O.P, Тэян, Дэсон гэсэн дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэй эргэн ирэх юм.
“Шинэ бүтээлийн дуу бичлэгийн ажил дууссан бөгөөд хамтлагийн гишүүд одоогоор клипний зураг авалтад бэлдэцгээж байна” хэмээн YG Entertainment-ийн төлөөлөгчид мэдэгджээ. Түүнчлэн хамтлагийн гишүүн T.O.P. буюу Чой Сын Хён хөгжмийн лейблтэй хийсэн гэрээгээ сунгахгүй байхаар шийдэж, цаашид бие даан уран бүтээлээ хийхээр болсон байна. Гэсэн хэдий ч ирээдүйд тэрбээр өөрийн цаг заваа харгалзан хамтлагийн үйл ажиллагаанд чадахаараа оролцоотой байхаар шийдсэн гэнэ.
BIGBANG хамтлаг хамгийн сүүлд, 2018 онд “Flower Road” хэмээх дуугаа толилуулж байсан билээ. Уг хамтлаг нь ийнхүү бүтэн дөрвөн жилийн дараа шинэ уран бүтээлээ гаргах гэж байгаа юм.
Ази төдийгүй дэлхий дахинд нэр хүндтэй, олон сая фэнтэй BIGBANG хамтлаг 2006 онд үүсгэн байгуулагдаж байжээ.


0 cэтгэгдэлтэй