Дорнод: Хэвтэн эмчлүүлж буй нийт хүүхдийн 95 хувьд уушгины үрэвсэл илэрч байна

               
2022-03-17 0
Зургийн эх сурвалж: MPA

Бүсийн оношилгоо эмчилгээний төв (БОЭТ)-ийн Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа нийт хүүхдийн 95 хувьд уушгины үрэвсэл илэрч байна. Өнөөдрийн байдлаар 130 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлж, өдрийн эмчилгээ буюу гэрээр 42 хүүхэд байна гэж мэдээллээ. Хүүхдийн амбулаториор өдөрт хоёр эмч 100 гаруй хүүхдийг, ажлын бус цагаар буюу Хүлээн авахад жижүүр эмчээс гадна дахин нэг эмч ажиллаж өдөрт 60-70 хүүхэд үзэж байгаа нь өмнөх долоо хоногтой ойролцоо үзүүлэлт аж. Энэ нь халдварын тархалт буурах болоогүйг харуулж байна гэж тасгийн эрхлэгч П.Баярмаа хэллээ.

Одоогоор Хүүхдийн тасагт 150 ор дэлгэсэн, өдөрт дунджаар 15-25 хүүхэд шинээр хэвтэж, төдий тооны хүүхэд эмчлүүлэн гарч байна. Таваас долоо хоногийн хугацаанд эдгэрч байгаа ч цус багадалт, зүрхний гажиг, рахит, тураал зэрэг суурь өвчтэй хүүхдүүд хүндэрснээс эмчилгээ уртасч байгаа гэлээ.

Халуурах, ханиалгах, хоолонд дургүй болох, сулбайх, шээс ховордох зэрэг томуугийн нийтлэг шинж тэмдэг илрэх боловч 0-2 сартай нярай хүүхдүүд маш их цэртэй ханиалгаж, амьсгалын дутагдалд орох нь элбэг байна. Тиймээс эцэг эхчүүд бага насны хүүхдийг олон нийтийн газар дагуулж явахгүй байхыг зөвлөлөө.  

Холбоотой мэдээ