
Өнгөрсөн есдүгээр сард Орхон аймгийн ерөнхий боловсролын 17 дугаар сургуулийн хичээлийн хоёрдугаар байрны хананд цууралт үүсэж хүүхэд хичээллэхэд эрсдэлтэй нөхцөл үүссэн. Тиймээс тус сургуулийн бага ангийн 5 бүлгийн сурагчид “Аялгуу” соёлын төвийн барилгад хичээллэж байсан юм.
Харин тус соёлын төвийн байр таазнаасаа дусаал гоожиж, хананд цууралт өгсөн мөн хүйтэн байгаа учраас сурагчдыг дахин 17 дугаар сургуулийн байранд хичээллүүлэхээр болсон байна.
Тиймээс эцэг эхчүүдийн зүгээс хүүхдүүдийн сурах эрхийг ноцтойгоор зөрчиж байна хэмээн үзэж, санал хүсэлтээ илэрхийлэн сургуулийн удирдлагуудтай уулзлаа. “Аялгуу” соёлын төвийн барилга хүйтэн байгаа учраас сурагчид даарах, түүнээсээ шалтгаалаад ханиад хүрэх тохиолдол их байгааг эцэг эхчүүдийн төлөөлөл хэлж байлаа. Түүнчлэн хэзээ мөдгүй нурах эрсдэл үүссэн сургуулийн байранд хүүхдүүдээ хичээллүүлэхгүй гэдгээ хэллээ.
Тус сургуульд бага ангийн 550 сурагч, цэцэрлэгийн хоёр бүлэгт 70 гаруй хүүхэд, нийтдээ 630 гаруй сурагч хичээллэдэг. Эдгээр сурагчид сүүлийн таван сарын хугацаанд эрүүл, аюулгүй орчинд сурч, боловсрох эрхээ зөрчүүлж байна.

0 cэтгэгдэлтэй