Нарны аймагт орж ирсэн анхны гадны биет “Оумуамуа”

               
2022-03-17 0

Анх 2018 онд нэгэн чулуулаг биет манай нарны аймаг дундуур аялж байсныг астрономчид илрүүлж, хүн төрөлхтөнд бүртгэгдсэн анхны “одод хоорондын орон зайн биет” гэж дүгнэсэн юм.

Үүнээс хойш тэрхүү биетийг эрдэмтэд харь гаригийн технологиос бүтсэн зүйл, унтарсан сүүлт од, энгийн солир, эсвэл хатуу төлөвт орсон устөрөгчийн бөөгнөрөл гэх мэтээр янз бүрийн таамаглал дэвшүүлсээр иржээ.

2018 онд манай нарны аймгаар дамжин өнгөрсөн урт нарийхан хэлбэртэй тэрхүү биетийг эрдэмтэд “Оумуамуа” гэж нэрлэжээ. Үүнээс хойш ойрын ажиглалтаар түүний хурд нь аажмаар нэмэгдэж, үл мэдэх хүчинд түлхүүлэх мэт эргэлдэж буйг тогтоосон байна.

Тодруулбал, тус биет 92 мянган км/цагийн хурдтай хөдөлж байсан тул манай нарны аймгаас гаралтай биет биш болох тодорхой болжээ. Судлаачид уг биетийг харь гарагийн тээврийн хэрэгсэл байх боломжтой гэсэн таамгийг дэвшүүлсэн юм. Учир нь “Оумуамуа”-ийн эх бие нь дарвуулт хөлөг онгоц мэт нарны цацрагийн хүчээр хөдөлдөг хэмээн үзжээ. Энэхүү таамгийг Харвардын их сургуулийн астрофизикч Ави Лоеб зэрэг хүмүүс дэмжсэн байна.

Гэхдээ Чикагогийн их сургуулийн астрофизикч Даррил Селигман тэргүүтэй ихэнх эрдэмтэд Оумуамуа нь сүүлт од мөн бөгөөд хатуу устөрөгчийн тэсрэлтийн нөлөөгөөр тийм хурдтай хөдөлж байгаа гэж үзжээ.

Тэрбээр “Оумуамуа бол манай нарны аймагт нэвтрээд буцаж гарсан анхны биет юм. Ерөнхийдөө нарны тойрогт орж ирсэн ямар ч биет татах хүчний нөлөөгөөр нь эндээ үүрд үлддэг. Тус биет нь 400-800 м урттай, 40 м өргөнтэй бөгөөд асар хурдтай нисч байсан учраас сүүлт од гэж тооцсон”. Хэмээсэн байна.

Гэвч “Оумуамуа” сүүлгүй байсны дээр ямар ч хийн ялгаралт бүртгэгдээгүй гэнэ.  Ийнхүү манай нарны аймагт зочилсон энэхүү нууцлаг биетийн үүсэл гарал нь нууц хэвээр байгаа юм.

А.Мишээл

Холбоотой мэдээ