Жендэрийн хэвшмэл ойлголтын тухай подкастны онцлох 10 ишлэл

               
2022-03-18 0

Эрэгтэйчүүдэд тулгамдаж байгаа сэтгэл зүй, бие мах бодийн эрүүл мэнд, боловсролтой холбоо асуудлууд ямар хүчин зүйлээс болж үүсч байгаа болон жендерийн хэвшмэл ташаа ойлголт гэр бүлүүдэд хэрхэн сөргөөр нөлөөлдөг тухай Гэр бүл судлаач Н.Амарсанаа болон ЖҮХ-ны Ажлын албаны эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн М.Батхишиг нартай сэтгүүлч А.Уянга ярилцжээ.

Тухайлбал, Зарим эрэгтэйчүүд өөрт тулгарсан сэтгэлзүйн асуудлаа архи хэтрүүлэн хэрэглэх, донтох эсвэл гэр бүлээс гадуур харилцаа үүсгэх нь шийдэл гэж боддог. Ингээд нөхцөл байдал хүндэрч эхнэр нь салахаар шийдсэн хойно сэтгэл зүйчид ханддаг зэрэг асуудлуудыг хөндсөн байна. Уг подкастны онцлох 10 ишлэлийг танд сонирхуулж байна.

1. Эрэгтэй хүн байгалиасаа бусдаас тусламж дэмжлэг авах нь сул доройн шинж гэж итгэдэг. Иймд өөрийнхөөрөө явсаар байгаад эрстэх юмуу гэр бүлийн харилцаагаа улам хүндрүүлэх байдал ажиглагддаг.

2. Хүний амьдралд академик боловсролоос илүү чухал ЗУРГААН боловсрол байдаг. Үүнд, харилцааны боловсрол, гэр бүлийн боловсрол, сэтгэл зүйн боловсрол, зан чанарын боловсрол, ёс зүйн боловсрол, бэлгийн боловсрол ордог. Хөгжингүй орнуудад энэхүү боловсролыг хүүхдүүдэд сургуулийн түвшнээс нь эхэлж заадаг. Харин манайд ийм зүйл дутагдаж байна.

3. Жендерийн хэвшмэл ойлголтоос болж эрчүүд эмнэлэгт үзүүлэхээс цааргалдаг. Ингэж явсаар хүндэрсэн хойно очоод хүнд оношлогддог. Наана нь жаахан өвдөхөд өөрсдөө аргалаад сурсан байдаг. Иймд эрчүүд гэр бүл, хайртай хүмүүсээ бодож эмнэлэгт хандаж сурах хэрэгтэй.

4. Хүн 40 наснаасаа өмнө эрүүл мэндээрээ тоглож амьдардаг бол 40-өөс хойш насандаа эрүүл мэнддээ захирагдаж амьдардаг.

5. Гэр бүл төлөвлөлтийн хажуугаар эрүүл мэндийн төлөвлөлт хийж сурах хэрэгтэй байна. Эрүүл мэнддээ зориулан хадгаламж нээж, хуримтлуулж хэвших нь зүйтэй.

6. Хүмүүс стрессээ буруу тайлдаг. Архи ууж, тамхи татаж хүндэрвэл гар хүрэх, хүчирхийлэл үйлдэх зэрэг сөргөөр сэтгэл гутрал, стрессээс салж байгаа юм. Танд хэцүү санагдаж байгаа л бол заавал тэр хэцүү замыг сонголгүй сэтгэл зүйчид хандаж асуудлаа хуваалцаад үзээрэй.

7. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргасан судалгаагаар монголчуудийн таван хүн тутмын нэг нь сэтгэл зүйн асуудалтай гэж гарсан байдаг.

8. Хүн гаргах ёстой сэтгэл хөдлөлөө гаргахгүй байх юмуу хэтрүүлэн гаргаад, асуудлыг хүндрүүлж байвал сэтгэл зүйн асуудал байна гэж үздэг.

9. Би хэн бэ” гэдэг асуултыг өөртөө тавьж сурах нь нэг тэрбум төгрөгөөс үнэтэй хөрөнгө оруулалт болно. Өөрийн давуу тал болон сул талаа мэдэж засаж, хөгжүүлэх хэрэгтэй.

10. Эрэгтэй хүн гэрийн ажилд оролцох ёсгүй, ар гэрээ авч явах ёстой гэсэн жендерийн хэвшмэл ойлголтоос татгалзах ёстой. Хэрвээ эр хүн гэртээ эрт ирсэн, эхнэр нь ажлаасаа ирээгүй байвал хоолоо өөрөө хийгээд, гэрээ цэвэрлээд сурчих хэрэгтэй. Эр хүн байна гэдэг нь гэртээ мөнгө олж ирээд бусад үүргээс өөрийгөө чөлөөлөхийн нэр биш юм.

Өвчлөл, амиа хорлолт зэрэг асуудлууд  эрэгтэйчүүдийн өмнө тулгамдсан ноцтой асуудал хэвээр байсаар байна. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 10 орчим байгаа бөгөөд үүнд эрэгтэйчүүдийн зүрх судас, хавдраар өвдөж, хүндэрсэн хойноо л эмнэлэгт ханддаг зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байна. Тиймээс эдгээр асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор Жендерийн Үндэсний хорооноос Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сангийн “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн дэмжлэгтэйгээр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан үндэсний хэмжээний “Харилцан хүндэтгэе” аяныг зохион байгуулж байна.  Аян дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.

Холбоотой мэдээ