Шууд эфирийн үеэр дайныг эсэргүүцсэн Оросын сэтгүүлч халагдах өргөдлөө өгчээ

               
2022-03-18 0

Даваа гарагт Оросын төв телевизийн мэдээний цагаар Украины дайныг эсэргүүцэх үзлээ илэрхийлсэн сэтгүүлч Марина Овсянникова ажлаасаа гарах өргөдөл өгсөн тухай өчигдөр мэдээлжээ.

Марина Овсянникова нь 1978 оны зургадугаар сарын 19-нд тухайн үеийн ЗХУ-ын Одесса хотод төржээ. Түүний аав нь украин, ээж нь орос гаралтай хүн аж. Марина Овсянникова Кубан Улсын их сургуулийг, ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Үндэсний эдийн засаг, төрийн удирдлагын академийг төгссөн байна.

        Түүний ажлын гараа Бүх Оросын төрийн телевиз, радио нэвтрүүлгийн компаниас эхэлж, “Кубан” телевизэд сэтгүүлчээр ажиллаж, “Russia Today” телевизэд найруулагчаар ажиллаж байжээ. Өдгөө Марина Овсянникова нь Оросын төрийн өмчит “I суваг” телевизийн редактораар ажиллаж байгаа аж.

Шууд эфирийн үеэр Орос, Украины дайныг эсэргүүцэн “Мэдээнд битгий итгэ. Тэд чамд худлаа мэдээлэл өгч байна” гэж мэдээлсэн үйлдлийнхээ төлөө олон цагаар байцаагдаж, 30,000 рублийн ($290) торгуулиар шийтгүүлсэн юм.

Тэрбээр энэ үйлдлээ ганцаар төлөвлөсөн, өөр хэн нэгэн оролцоогүй гэж мэдүүлсэн байна. Гэхдээ тэр хамтран ажиллагсад нь түүний тэмцлийг ойлгож байгаа тухай өчигдөр хэлжээ.

This image has an empty alt attribute; its file name is 2907de8eeab9ad1e8aa5932622418632.png

Гэхдээ Овсянникова шинээр батлагдсан хуулийн дагуу дайны талаар худал мэдээ цацсан үндэслэлээр олон жилийн хорих ял сонсож магадгүй байгаа.

Учир нь ОХУ-аас Украин руу цэргээ оруулсны дараахан буюу гуравдугаар сарын 4-нд “Оросын армийг нэр хүндийг гутаах зорилготой олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулах, армийн талаар худал мэдээлэл тараах, Зэвсэгт хүчний ашиглалтыг санаатайгаар олон нийтэд мэдээлэхийг хориглох тухай” хууль батлагджээ.

Марина Овсянникова шууд эфирийн үеэр лоозон барьж, дайны эсэргүүцэхээсээ өмнө өөрийн албан ёсны цахим хуудастаа Орос, Украины мөргөлдөөний талаар ярьсан дүрс бичлэг хийжээ. Тус бичлэгт Марина “Кремлийн суртал ухуулгын ажилд олон жил хүчин зүтгэсэндээ ичиж байна” гэсэн байна. Тэрбээр “ОХУ бол түрэмгийлэгч орон. Яг одоо Украинд болж байгаа үйл явдал бол маш том гэмт хэрэг. Харин энэ түрэмгийллийн хариуцлагыг цор ганц хүн ухамсартайгаар хүлээх ёстой. Тэр нь Владимир Путин” гэжээ.

Пүрэв гарагт France 24 сувагт ярилцлага өгөхдөө ажлаас гарахад шаардлагатай бүх бичиг баримтыг ОРТ сувгийн захиргаанд бүрдүүлж өгснөө мэдээлжээ.

Бага насны хоёр хүүхэдтэй Овсянникова гэр бүлийнхээ хувь заяаг эрсдэлд оруулж байгааг хүлээн зөвшөөрсөн ч “Энэхүү солиорлыг цөмийн дайн болгож хувиргахгүйн тулд ах дүүсийн хооронд эхэлсэн энэ дайныг зогсоох ёстой. Хүү минь том болоод намайг яагаад ингэснийг ойлгох байх гэж найдаж байна” гэж ярьсан байна.

Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон сэтгүүлч эмэгтэйг хуулийн хамгаалалтад авах, оршин суух эрх олгох боломжтойгоо үйл явдал болж өнгөрсний дараа мэдэгдсэн юм. Тэр бас ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярихдаа уг асуудлыг хөндөхөө амлаж байв.

Харин Овсянникова гадаадад дүрвэхгүй, эх орондоо үлдэх бодолтой байгаагаа Германы Der Spiegel сэтгүүлд өчигдөр ярьжээ.

“Би эх орноосоо явах бодолгүй байна. Би эх оронч хүн, миний хүү бүр ч илүү эх оронч үзэлтэй. Бид хаашаа ч явах төлөвлөгөөгүй байна” гэж тэр ярьсан байна.

“Төв телевизэд ажилладаг олон хүн юу болоод байгааг сайн ойлгож байгаа. Зарим нэг нь ажлаас гарах хүсэлтээ өгцгөөсөн. Гэхдээ эдийн засгийн нөхцөл хүнд байгаа тул ихэнхийнх нь хувьд ажлаа алдах хэцүү байгаа” гэж Овсянникова ярьсан байна.

Эх сурвалж: AFP

Холбоотой мэдээ