Товчхон
               

“Долоогийн бүлэг” Орост үргэлжлүүлэн шахалт үзүүлнэ

               
2022-03-18 0

“Долоогийн бүлэг”-ийн орнуудын Гадаад хэргийн сайд нар Орост үргэлжлүүлэн шахалт үзүүлж, Украинд хүмүүнлэгийн нэмэлт тусламж үзүүлэх тохиролцоонд пүрэв гарагт хүрлээ гэж Японы Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса мэдэгджээ.

Сайд нар мөн Молдова тэргүүтэй Украинтай ойролцоо оршдог улс орнуудад дүрвэгсдийн урсгалыг шийдвэрлэх хүчин чармайлтад нь үзүүлэх дэмжлэгээ бэхжүүлэхээр тохиролцсон гэж Х.Ёшимаса цахим уулзалтын дараа сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Орос Украины нутаг дэвсгэрийн томоохон хэсгүүд дэх орон сууцны хорооллууд руу гал нээж байгаагийн улмаас олон энгийн иргэд амь үрэгдэж байгаа тул дайралтаа нэн даруй зогсоохыг Орост уриалж байгаагаа бид дахин нотолсон гэж тэрбээр хэлжээ.

Мөн Украины дүрвэгсдийг хүлээн авахын тулд Молдова улсын гаргаж буй хүчин чармайлтыг дэмжихийн тулд Их Британи, Канад, Франц, Герман, Итали, Япон, АНУ болон Европын Холбоог төлөөлсөн дипломатчид тусгай дэмжлэг үзүүлэх бүлэг байгуулахаар тохиролцсон байна.

Энэхүү бүлэгт бусад улс орон, олон улсын байгууллагууд оролцох бөгөөд “Долоогийн бүлэг”-ийн орнууд онцлог чиг үүрэг, гишүүдийг нь “аль болох ойрын хугацаанд” тодорхойлох болно гэж Японы Гадаад хэргийн сайд мэдээлжээ.

НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрын мэдээлснээр, энэ долоо хоногийн лхагва гаргийн байдлаар Украинаас дүрвэсэн хүмүүсийн тоо гурван саяд хүрсэн байна.

Холбоотой мэдээ