
Орхон аймаг жил бүр 300 сая төгрөгийн мах нөөцлөн хаврын улиралд иргэдэд хямд үнээр нийлүүлдэг. Энэ жил “Эрдэнэт мах маркет” ХХК-ийн бэлтгэсэн 150 тонн нөөцийн махыг энэ сарын 15-наас эхлэн худалдаалж эхэллээ.
Нөөцийн махыг Баян-Өндөр болон Жаргалант сумын 29 цэгт борлуулна. Үхрийн мах нэг килограмм тутамд 7800, хонины мах 6800, ямааны мах 5800 төгрөгийн үнэтэйгээр борлуулна.
Өмнөх жилүүдэд Орхон аймаг 250-300 тонн махыг хаврын нөөцөд бэлтгэн худалдаалдаг байсан бол энэ жил 150 тонн болгож бууруулсан байна. Тиймээс өмнөх жилүүдийг бодвол махны нөөц эрт дуусах, хомсдол үүсэж болзошгүй байгаа юм.
Цаашид махны нөөцийг нэмэгдүүлэх, борлуулах махны хэмжээг нэмэх боломж байгаа эсэхийг “Эрдэнэт мах маркет” ХХК-ийн борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Батсүрэнгээс тодрууллаа.
Тэрээр “Махны нөөц дууссан тохиолдолд нэмж нийлүүлэх боломж байгаа. Манай компанийн хувьд махны нөөц хангалттай байгаа. Гэрээгээ үргэлжлүүлэн хийснээр одоо худалдаанд гаргахаар төлөвлөөд буй 150 тонн махны нөөцийг нэмэгдүүлэх бүрэн боломжтой” гэлээ.
Одоогоор хүнсний захуудад жижиглэнгээр худалдаалагдаж буй махны үнэ өндөр байгаагаас нөөцийн махны эрэлт их байна. Энэ сарын 15-наас эхлэн борлуулалтын цэгүүдэд махаа хуваарилж өгсөн. Зарим цэгүүдэд махны нөөц дууссан гэх шалтгаанаар дахин хүргэлтэд гарч байгаа юм байна. Нөөцийн махыг ирэх зургадугаар сарын тавны өдрийг хүртэл худалдаална.

0 cэтгэгдэлтэй