Тэсийн голын минж 240 толгойд хүрчээ

               
2022-03-18 0
Зургийн эх сурвалж: MPA

Тэсийн голын сав газар, ногоон бүсийн минж өсжээ. 2012 онд Тэсийн голын байгалийн нөөц газарт хийсэн судалгаагаар тус голд минж /Castor fiber birulai/ нутагшиж, тоо толгой нь өсөх хандлагатай байгааг тогтоосон байдаг.

Түүнээс хойш минжийг хамгаалах ажлыг маш үр дүнтэй хийж буй нь түүний тоо толгойг өсөхөд гол нөлөө үзүүлсэн байна. Анх 1974 оны үед Тэсийн голд 37 минж нутагшуулж, эхэлснээс хойш Тэсийн голын сав газарт Евро Азийн шар минжний тоо толгой өсөж байна. 2020 оны тооллогоор 20-25  бүл, буюу 120-140 толгой минж тоолуулсан байна.

Нэг бүл гэдэг нь 6-8 бодгаль бие юм. Харин 2021 оны тооллогоор 30-35 бүл минж буюу 180-240 толгой минж тоолуулжээ. Минж нь Монгол орны  нэн ховор, устаж болзошгүй хөхтөн  амьтны нэг юм. Тэгэхлээр минжний тоо толгой жил бүр өсөж  байгаа нь амьдрах таатай орчин  бүрдэж, байгаль хамгаалах, биологийн төрөл зүйлийг хамгаалахад иргэд ч хамтран ажиллаж байгаа нь үр дүнгээ өгч байгаагийн жишээ юм гэж Тэс сумын ЗДТГ-аас мэдээлэв.

Ташрамд Завхан аймаг голын экосистемийг сайжруулж усны түвшинг тогтвортой барьдаг ач холбогдолтой нэн ховор минжийг хамгаалах, тоо толгойг өсгөх, биологийн олон янз байдлыг нэмэгдүүлэх зорилгоор минж нутагшуулсан нь үр дүнгээ өгч байгаа аж. Тэс сумаас гадна Тосонцэнгэл сумын Хожуулын гол, Идэр сумын Идэрийн гол, Тэгшийн гол, Алдархаан сумын Богд, Чигэстэй голуудын сав дагуу 280 км2 нутгийг хамруулан минж нутагшуулах боломжтой газрыг сонгож 2017, 2018 онд хээрийн судалгаа хийсэн байна. Судалгаагаар Идэрийн голын эх гурван голын бэлчир орчим 7,5 км2 талбайг хамруулан минж нутагшуулах боломжтой нь тогтоогдож, 50 орчим минжийг нутагшуулаад байгаа нь өдгөө 190 гаруй болж өссөн гэж аймгийн БОАЖГ-аас нэмж мэдээлэв.  

Холбоотой мэдээ