
Тэсийн голын сав дагуух байгалийн зэрлэг чацарганыг түшиглэн чацаргана тариалах ажлыг үр дүнтэй хийж байна.
Тэсийн голын сав газрыг ногоон бүс болгож, орон нутгийн тусгай хамгаалалтад авснаар зэрлэг чацарганын ургалт сайжирсан. Байгалийн зэрлэг чацарганын нөөцийг хамгаалснаар байгаль экологийн тэнцвэрт байдал хадгалагдаж байна. Тус газар яшилдуу чацаргана зэрлэгээр их хэмжээгээр ургадаг. Нутгийн малчид иргэдийн хүнсний ахуйн хэрэглээг хангахаас гадна хамгаалах, нөхөн сэргээх ажлыг хийж байна. Манай сумын өрх бүр чацаргана тариалах зорилгоор 2020 онд нэг өрх 500 ширхэг чацарганын суулгац тариалан арчлан тордож, ургуулснаар 500-800 кг чацаргана хурааж авсан. Харин өнгөрсөн онд нэг өрх 1000 ширхэг чацарганын суулгац тариалсан нь өмнөх оныхоос нэг дахин өссөн. Энэ онд шинээр таван өрх нэг га талбайд 2000 ширхэг чацарганын мод тариалахаар төлөвлөж байна. Байгалийн зэрлэг чацарганаа хамгаалж, нөхөн сэргээх, зөв зохистой хэрэглэхийн тулд бид энэхүү чацарганынхаа суулгац тарьцыг тариалж иргэддээ үнэ төлбөргүй олгож байгаа нь сүүлийн гурван жил үр дүнгээ өгсөн амжилттай тариалалт болж байна гэж Тэс сумын ЗДТГ-аас мэдээлэв.
Чацаргана -50 хэмийн хүйтнийг тэсвэрлэж ургадаг онцлогтой
Чацарганыг яшилдуу, бургасан навчит гэж хоёр төрөлд хуваадаг ба Тэс суманд яшилдуу төрлийн чацаргана ургадаг.
Яшилдуу чацаргана НЬ улаавтар шар өнгөтэй, исгэлэндүү, жимсэнд янз бүрийн амин дэм болон 50 гаруй зүйлийн биологийн идэвхт бодис байдаг. Тухайлбал тослог 5-7, чихэрлэг бодис 2-3 хувь, флавоноид 100-200мг хувь, амин дэм “С” витамин 70-200 мг хувь, амин дэм В1, В2, В6, Е, К, аргаах бодис, органик хүчлүүд хоёроос гурван хувь, үрэнд нь тослог 10-12 хувь, гэх мэтчилэн агуулагдана. Чацарганын жимсийг хүнс, эмчилгээ сувилгааны зориулалтаар өргөн хэрэглэж ирсэн уламжлал бий.
Тиймээс манай нутгийнхан тариалсан чацарганаа жимсээр нь болон боловсруулж өөрсдийн хэрэгцээнд зориулахаас гадна, худалдаанд гаргаж өрхийн санхүүгээ нэмэгдүүлдэг болсон. Байгалийн зэрлэг чацарганыг хүмүүс худалдан авахдаа дуртай байдаг. Учир нь байгалийн зэрлэг чацаргана, зэрлэг чацарганын үрээр тарьсан чацаргана мөн адил амт үнэр хурц, витаминлаг чанар өндөр байдгаараа таримал чацарганаас ялгаатай.
Амтны хувьд хан боргоцой жимстэй ойролцоо тул Умард зүгийн хан боргоцой гэж нэрлэдэг. Тиймээс гол төлөв эмчилгээний зориулалтаар хэрэглэдэг уламжлал манай нутагт бий. Чацаргана нь нэг талбайд 15-20 жил ургаж 10-15 жил ургацаа өгөх чадвартай төдийгүй сортоос шалтгаалан нэг бутнаас дунджаар 4-14 кг хүртэл ургац хураах боломжтой байдаг юм билээ. Мөн чацарганын онцлог нь хөрсний ус чийг нэвчүүлэх чадвар хэчнээн сайн байвал хурдан ургадаг онцлогтой. Чацаргана хүйтэнд тэсвэртэй тул -50 хэмийн хүйтнийг хүртэл тэсвэрлэдэг гэж нэмж мэдээлэв.

0 cэтгэгдэлтэй