
Аймгийн ИТХ-аас санаачлан хоёр дахь жилдээ хэрэгжүүлж буй “Эрсдэлгүй Дархан” аяны хүрээнд эрчим хүчний эрсдэлгүй хот болгох зорилт дэвшүүлсэн. Уг аянд Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ ТӨХК-ийн Төвийн бүсийн салбар, Боловсрол, соёл урлагийн газартай хамтран цэцэрлэг, сургуулийн барилга байгууламжийн цахилгааны аюулгүй байдалд чиглэн арга хэмжээ явуулж байна.
Мөн Дарханы дулааны цахилгаан станц ТӨХК, Нийтийн аж ахуй үйлчилгээний газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын газартай хамтран олон нийтийн газар, гудамж, талбай, тэр дундаа хүүхдийн тоглоомын талбайн ойр орчмын цахилгааны эх үүсгүүр, цахилгаан дамжуулах шугам, ил гарсан цахилгааны утас, замын гэрэл, гэрэлтүүлгийн эвдрэл гэмтлийг илрүүлэх, засварлах ажлыг эхлүүлсэн.
Харин “Эрсдэлгүй Дархан” аяны 2021 оны Шилдгийн шилдэг байгууллагаар шалгарсан Дархан Сэлэнгийн Цахилгаан дамжуулах сүлжээ ХК, аймгийн Онцгой байдлын газартай хамтран айл өрхүүдийн цахилгааны аюулгүй байдлыг хангуулах ажлыг эхлүүллээ.
Дархан-Уул аймгийн хэмжээнд ахуйн гал түймрийн шалтгаан нөхцөлийн 70 орчим хувь нь цахилгаан эрчим хүчний буруу ашиглалтаас болдог аж.
Аймгийн ОБГ, ДСЦТС ХК-ийн ажилтан, албан хаагчдаас бүрдсэн хамтарсан багууд айл өрхүүдийн гэр байшингийн аюулгүй зай хэмжээ алдагдсан эсэх, бага насны хүүхдийг гэрт нь цоожлон үлдээдэг эсэх, гэрийн цахилгааны шугамын ачаалал хэтэрсэн эсэх, орон сууцны цахилгааны гадна оруулга, кабель шугам стандарт шаардлага хангасан эсэх, дотор монтаж, газардуулга, хэт хүчдэлийн хамгаалалтын шаардлага хангасан эсэхэд хяналт тавьж, заавар зөвлөмж өгч ажиллах юм.

0 cэтгэгдэлтэй