Товчхон
               

Барилгын бүтээн байгуулалт эхэлсэнтэй холбоотойгоор цементийн үнэ өссөн

               
2022-03-18 0
Зургийн эх сурвалж: MPA

ШӨХТГ цементийн үнэ өссөн нөхцөл байдлыг шалгаад байна. Шалгалтын дүнг тус байгууллагаас болон БХБЯ-наас өнөөдөр Шадар сайдад танилцуулав.

Манай улс жилд 1.8 сая тонн цемент хэрэглэдэг. Жилийн хэрэгцээний цементийг дотоодод 4 үйлдвэр бүрэн хангаж байна. Эдгээр үйлдвэр бүтээгдэхүүний үнээ өнгөрсөн 7 хоногт 16-28 хувиар өсгөөд байгаа юм. Үнэ бодитоор өссөн эсэхийг БХБЯ болон ШӨХТГ-аас байгуулсан ажлын баг шалгаад байна.

Шалгалтын явцад үйлдвэрүүд цементийн үйлдвэрлэлийн зардал гэхэд түлш 30 хувиар, гөлтгөнө 15 хувиар, сэлбэг хэрэгсэл тээврийн үнэ 70 хувиар, төмрийн хүдэр 15 хувиар, ажиллах хүчний зардал 25 хувиар, үнс, нүүрс, шохойн чулуу зэрэг бусад түүхий эдийн үнэ тус тус өссөн хэмээн мэдээлэл өгчээ.

Өнгөрсөн онд ковидын цар тахалтай холбоотойгоор зөвхөн барилгын материалын үнэ гэлтгүй, бусад бүх бараа, материалын үнэ хил, гааль, тээвэрлэлтийн хязгаарлалтаас үүдэн нэмэгдэж байсан ч ганцхан цементийн үнэ нэмэгдээгүй иржээ. Одоо үнэ өсөөд буйг барилгын бүтээн байгуулалт эхэлж буйтай холбоотойгоор эрэлт хэрэгцээ үүссэн. Гол нь цементийн орц, нэр төрөл зэрэг үнийн өсөлт нөлөөлснөөр алдагдалтай ажиллаж буйгаар тайлбарлажээ. Шалгалтаар цементийн хомсдол үүсээгүй ч үнэ өссөн шалтгааныг дахин нарийн тодорхойлж барилгын материалын үнийн хөөрөгдлийг үүсгэж болзошгүй байгаад анхаарч ажиллахаар боллоо.  

БХБЯ-ны барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсээс гаргадаг үнийн харьцуулалтын судалгаагаар цементийн дотоодын 4 үйлдвэрт 2020 онд бүтээгдэхүүний үнэ дээр 20 хувийн өсөлт гарч байжээ. Тухайн үед цементийн үнийг худалдаачид хөөрөгдөж буйг тогтоож байв.  Түүнээс хойш үнэ өсөөгүй ирснийг БХБЯ-наас мэдээлж байна. 

Холбоотой мэдээ