“Samsung” шинэ гар утаснуудаа танилцуулжээ

               
2022-03-21 0

“Samsung Electronics” компани “Galaxy A” загварын шинэ, ухаалаг гар утаснуудаа пүрэв гарагт танилцуулжээ.

Тодруулбал, шинээр танилцуулсан “Galaxy A53”, “A33” гар утаснууд нь “5G” сүлжээ дэмждэг, шинэ 5нм процессор, шөнийн болон хөрөг зургийн горим бүхий хиймэл оюун ухаант камер, 6.5 болон 6.4 инчийн супер “AMOLED” дэлгэцтэй юм. Мөн аль аль нь хоёр хоног цэнэгээ барьдаг, ойролцоогоор нэг цагийн дотор бүрэн цэнэглэгддэг байна.

“Гар утасны дэвшилтэт технологийн эерэг нөлөөг мэдрэх боломжийг хүн бүхэн хүртэх ёстой. “Galaxy A” цувралыг гаргаснаар бид “Galaxy”-гийн дэвшилтэт, шинэлэг технологийг ашиглах боломжийг улам бүр хялбаршуулж байна” гэж “Samsung” компанийн Гар утасны бизнес хариуцсан захирал Ро Тэ Мун цахим үйл ажиллагааны үеэр хэлжээ.

“Galaxy A53” нь 599 500 воны /494 ам.доллар/ үнэтэй, хөх, хар, цагаан гэсэн гурван өнгийн сонголттой бөгөөд сонгогдсон зах зээлд ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс худалдаалагдаж эхэлнэ. БНСУ-д урьдчилсан захиалга баасан гаргаас ирэх пүрэв гараг хүртэл үргэлжилнэ.

“Galaxy A33”-ыг Европын зарим оронд 369 ам.доллароор, дөрөвдүгээр сарын 22-ноос худалдаална. Харин Солонгосын зах зээлд хэзээнээс, ямар үнээр худалдаалахыг хараахан танилцуулаагүй байна. “Galaxy A73” 5G гар утасны хувьд мөн дөрөвдүгээр сарын 22-ноос зарим зах зээлд худалдаалагдаж эхэлнэ.

Холбоотой мэдээ