Товчхон
               

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх эргүүл ажиллаж эхэллээ

               
2022-03-21 0
Зургийн эх сурвалж: MPA

Жил бүрийн гуравдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 10, 9-р сарын 20-ноос 11-р сарын 10-ныг хүртэлх хугацааг ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу “Түймрийн аюултай үе” гэж үздэг.

Иймд Нийслэлийн хэмжээнд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх мэргэжлийн байгууллагуудын хамтарсан эргүүл хяналтын арга хэмжээ эхэллээ.

Тус арга хэмжээг хэрэгжүүлэх мэргэжлийн байгууллагуудын бүрэлдэхүүнд Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням өнөөдөр цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан үүрэг өгөв.

Нийслэлийн нутаг дэвсгэрт ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх эргүүл хяналтын арга хэмжээг Нийслэлийн Онцгой байдлын газар, Байгаль орчны газар, Цагдаагийн удирдах газар,  Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж байна.

Өнгөрсөн оны 11-р сарын байдлаар ой, хээрийн гал түймрийн 54 тохиолдол бүртгэгдсэн байна. Харин 2022 он гарсаар Нийслэлийн хэмжээнд ногоон бүсэд өнжмөл шар өвс шатсан 15 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Түүнчлэн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас ой хээрийн түймрийн эрсдэл их буюу аюултай зэрэгт хүрснийг мэдээлж байгаа юм.

Иймд иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна:

Асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, түүдэг гал, үнс нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах,

Айл өрхүүд хог, өвсийг ил задгай шатаахгүй байх,

Орон нутагт зорчихдоо тээврийн хэрэгслийн яндангийн оч баригчтай зорчих, автомашинд зориулалтын бус нэмэлт цахилгаан хэрэгсэл залгахгүй байх,

Шашны зан үйл хийхдээ арц, хүж, зул, асааж орхихгүй байх,

Ой, хээрийн гал түймэр, түймрийн утаанаас ан, амьтад дүрвэж байгаа тул ногоон бүсэд ганцаараа зорчихоос зайлсхийх, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр явуулахгүй байх,

Ойн дагалт баялаг түүх, аялал зугаалгаар явах үед араатан амьтан дайрвал хашхирах, алгаа таших, төмөр эд харшуулах зэргээр чанга дуу чимээ гаргах, мод, чулуу шидэх, бөөнөөр зогсож олноор байгаагаа мэдэгдэх зэрэг арга хэмжээ авах,

Зэрлэг амьтны үр төлтэй таарвал тусламж үзүүлэх, зураг авах, бичлэг хийх гэж оролдолгүйгээр даруй холдох,

Баавгай, чоно, шилүүс зэрэг махчин амьтантай таарвал зугтахгүйгээр арагш аажим ухрах, нүд рүү нь эгц харах, гараа өргөх, гадуур хувцсаа дэлгэн овор хэмжээтэй харагдуулах,

Ногоон бүсэд бамбай хоншоорт /хортой/, рашааны /хоргүй/ могой элбэг байх тул өндөр өвстэй газар аль болох явахгүй байх, урт түрийтэй гутал өмсөх зэргээр могойд хатгуулахаас сэргийлэх.

Хатгуулсан тохиолдолд гар хөлийг чиг барьж боох, их хэмжээний шингэн уулгах, хэвтээ байдлаар зөөж яаралтай эмнэлэгт хүргэх арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас зөвлөж байна.

Холбоотой мэдээ